Дэлхий | ОУХ |

Тайвань яагаад Монголын эсрэг удаа дараа тагнуулын ажиллагаа явуулсаар байна вэ? (1912-Байтаг Богд-1961-2018)

Админ | Нийтлэсэн: 2020-04-15

Монголын тусгаар тогтнолыг одоо хүртэл чин сэтгэлээрээ хүлээн зөвшөөрөөгүй газар бол Тайвань гэж хэлж болно.

Тайвань гэж хэн бэ?

Бид арлынх нь нэрээр Тайвань хэмээн нэрлэж буй боловч албан ёсоор бол тус нутгийнхан өөрсдийгөө Хятадын Бүгд Найрамдах Улс гэж нэрлэдэг юм. Англиар бол Republic of China. Тус Бүгд Найрамдах Улс Манжийн засаг түлхэгдэн унасны дараагаас 1912 оноос 1949 оныг хүртэлх хугацаанд Хятадад төр барьсан юм. Тус бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч нь Сун Ят-сен байсан, харин дараа нь Бэйяангийн армийн толгойлогч Юань Шикай тус БНУ-ын толгойлогч болжээ. Сун Ят-сен Гоминданы (Kuamintang) намын талын хүн бөгөөд уг нам нь 1912 онд сонгуульд ялжээ.


Гоминданы нам Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй

Монголчууд Хятадад аллергитай ханддаг. Үүнд Хятадын нэрийг барьсан Гоминданы намынхан гол бурууг хүлээх ёстой хүмүүс. Хятад л бол Хятад хэмээн монголчууд боддог боловч үнэндээ эд дотроо олон янз, янз бүрийн намуудтай, бүлэглэлүүд нь хоорондоо зөрчилдөөнтэй. Эдгээрээс тухайн үедээ арай хүчтэй байсан Гоминданы нам нь Монголын эсрэг ихээхэн дайсагнасан өнгө аяс, хандлагатай байсан бөгөөд Монголын тусгаар тогтнолыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг юм.


Гоминданы санаархал ба Байтаг-Богдын тулгаралт

Бүр сүүлд, 1948 онд хүртэл Шинжааны дээрэмчидтэй хамтран Хятадын Гоминданы намын цэргүүд Монголын хил рүү нэвтрэхийг завдсаныг Монголын хилчид баатарлагаар зогсоосон. Энэ талаар Fantastic Production нэгдэл 2018 онд Маш Нууц 2- Байтаг Богд киногоороо уран сайхны аргаар ойлгомжтой өгүүлсэн байдаг.

Түүний дараа Монгол улсын НҮБ-д элсэх замд Гоминданы намынхан маш олон удаа саад тотгор хийсэн юм.


Хятадын иргэний дайн ба Гоминдан vs Коммунистууд

Хятадын улс төрийн бүлгэмүүдийн дотоод зөрчлөөс болоод 1927 оноос Хятадын Гоминданы нам, Хятадын Коммунист нам хоёр хоорондоо ил тод зөрчилдөж эхэлсэн бөгөөд улмаар иргэний дайнд хүрчээ. Энэ зуур Японы империалистууд Хятадыг байлдан эзэлж байсан тул талууд Японы эсрэг байлдангаа хоорондоо бас тулалдаж байв. Тэмцэл өрнөсөөр эцэст нь 1949 оны сүүлээр Коммунист нам тэмцэлд ялан Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласнаар Гоминданы намынхан Тайпэй руу зугтан, Тайвань болон ойр хавийн жижиг арлуудыг эзлэн тэдгээртээ одоо хүртэл оршин сууж байна.

1949 онд БНХАУ-ыг тунхагласан хятадын коммунистууд 1949 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, тусгаар тогтнолыг нь хүндэтгэхээ илэрхийлсэн бол Тайвань руу зугтсан Гоминданы намынхан Монголыг хүлээн зөвшөөрөлгүй 21 дүгээр зуунтай золгосон.

Монгол улс НҮБ-д элсэх замд Гоминданы намынхан буюу БНХУ хэрхэн саад хийснийг бид мэдэж байх хэрэгтэй авч тэр талаар өгүүлэх нь өөр нэгэн урт түүх өгүүлэх хэрэгтэй болох тул тэр тухайд тусад нь тусгай нийтлэл оруулах нь зүйтэй биз ээ.

Дашрамд дурдахад, коммунистууд нь өөрийн улсыг БНХ Ард Улс буюу БНХАУ гэж нэрлэсэн, харин гоминданыхан өөрсдийгөө БНХУ буюу Бүгд Найрамдах Хятад Улс хэмээн нэрлэсээр байгааг анзаарах хэрэгтэй билээ. Нэг үсэгний л зөрүүтэй байгаа юм.


Тайваний албан ёсны дэлхийн газрын зураг

Монголыг Хятадын нэг хэсэг болгон зурсан газрын зургуудын дуулианыг санаж байна уу? Түүний цаадах гол эзэн нь Тайвань билээ. Тэд Монгол, Хятадыг өөрсдийн газар нутаг болгох үзэл суртлын зорилгын үүднээс удаа дараа дэлхийн газрын зурагтаа Монголыг Хятадын нэг хэсэг болгож, Хятадыг өөрсдийнхөө захиргааны газар нутаг болгон зурсаар байгаа билээ.

Энэхүү Газрын зурагт Тайвань Хятадаас гадна Бирм, Бутан, Энэтхэгийн зарим хэсэг, Японы зарим хэсэг, Афганистан, Пакистан, Оросын газар нутгийн зарим хэсэг, Монголын газар нутгийг өөрийнх нь мэдлийнх байх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Ийм дайсагнасан хандлага гаргадгаас нь манай улс Тайванийг тусгаар тогтносон улс гэж үздэггүй бөгөөд Хятадын нэг хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлдэг. Бүр 2002 он хүрч байж л Тайвань Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, албан бус харилцаа тогтоосон ч Тайванийг улс гэж үздэггүй тул тус нутаг элчин сайдын яамаа Монголд байгуулах эрхгүй. Тийм болохоор оронд нь Тайваний Худалдааны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулсан нь албан бусаар Элчин сайдын яамны ажил гүйцэтгэдэг юм.

Хоёр талын харилцаанд ийнхүү зарим нэг эерэг зүйл гарч буй боловч цаадах зэвүүн өнгө аясаа Тайваний тал хадгалсаар байгаа нь Монголд удаа дараа явуулж буй тагнуулын үйл ажиллагаанаас нь мэдрэгддэг.


Монголд явуулсан Тайваний тагнуулын ажиллагаанууд

Ил, далд явуулсан бүх ажиллагааг нь тоочих боломжгүй боловч хэвлэлийн дуулиан болсон зарим ажиллагааг нь та бид цөм мэднэ.

УИХ-ын гишүүн асан Батчимэгийн туслах З.Пагмажавын хэрэг

УИХ-ийн гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажав хэмээх эмэгтэй Тайваний тагнуулын албатай хамтран ажиллаж, улсын нууц задруулсан тухай дуулиан 2014 онд анх дэгдсэн юм. Улмаар түүнийг эх орноосоо урвасан гэм буруутайд тооцож 2015 оны 8 сарын 26-нд анхан шатны шүүхээс 16 жилийн ял оноож байсан. Сүүлд удаа дараа давж заалдсаны хүчинд ял нь 8 жил болон буурсан бөгөөд уг ялыг нь 2019 онд Улсын Дээд шүүх хэвээр үлдээжээ.


Голомт хотхоны тусгай ажиллагаа

2018 оны 10 сард Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газраас УБ хотын Сүхбаатар дүүргийн Голомт хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулж их хэмжээний бичиг баримтыг хураан авч гадаадын иргэнийг баривчилсан.

2019 онд Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргээр хуралдан Тайваний тагнуул Ван Чен Хун, түүнд төрийн нууцад хамаарах мэдээлэл дамжуулдаг байсан Монгол улсын иргэн Д.Амгалан, А.Мөнхжаргал нарт 13 жил 3 сарын хорих ял оноосон талаар ТЕГ мэдээлжээ. Гадаадын тагнуулуудыг баривчлах эл ажиллагааг манай тагнуулын байгууллага гадаадын тагнуулын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн гэдэг.


Товч дүгнэлт

Дээрх баримт, түүхүүдийг эргэн харваас ерөнхий нэгэн дүр зураг таны бодолд бууж байгаа биз ээ. XXI зуун гарч улс орнуудын харилцаа өмнөхөөс хэдэн шатаар ахисан авч, энэ үед хүртэл манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх гэсэн, манай улсын газар нутагт санаархсаар буй гадаадын хүчин байсаар байгаа ажээ. Яагаад Тайвань одоо хүртэл Монголыг араандаа зуун, Монголын эсрэг ажиллагаа явуулсаар байгаа нь түүний ялагдсан ялагдалтайгаа эвлэрч чадахгүй, нэг л өдөр дахин сэргэх болно гэсэн найдлага, адын хүсэлтэй холбоотой биз ээ.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020